1970-аад онуудад Баруун Европ болон АНУ-д “Сэтгэл зүйн тест оношилгоо” гэдэг нэр томьёог “сэтгэл зүйн үнэлгээ” (Psychological Assessment) гэдэг нэр томьёо шахан гаргасан. “Сэтгэл зүйн үнэлгээ” гэдэг нэр томьёог анх дэлхийн II дайны үед цэргийн албан хаагчдыг сонгон шалгаруулах асуудлаар ажиллаж байсан америкийн сэтгэл зүйч, сэтгэц мэдрэлийн эмч нар хэрэглэсэн. Сэтгэл судлалын ном зохиолд энэ нэр томьёог хэрэглэсэн анхны тохиолдол бол сонгон шалгаруулалтын өвөрмөц хөтөлбөрийг тусгасан “The Assessment of Men” (Office of Strategic Services, 1942) ном байсан. 1953 онд “Сэтгэл судлалын жилийн тойм”-д (АНУ) “Үнэлгээний онол ба техник” гэсэн бүлгийг тусгасан. Үүнээс хойш сэтгэл зүйчид “үнэлгээ” гэдэг нэр томьёог улам өргөн хэрэглэх болжээ.