Зорилгодоо хүрэхийн тулд эхлээд харьцангуй ерөнхий асуулт тавьж, сонсогч, үзэгчийн анхаарал, сонирхлыг татах хэрэгтэй. Ер нь бол телевизээр үзүүлж байгаа дүрс, ярилцлагын сэдэв, орчин зэрэг нь үзэгчдийн анхаарал, сонирхлыг татахуйц байх нь чухал. Чухам ийм л нэвтрүүлгийг үзэгчид цааш сонирхон үзнэ. Нөгөө талаар, яриа өгч байгаа хүний ярих дур сонирхлыг өдөөхийн тулд ч эхний асуулт чухал байдаг. Эхний асуултаа бусад мэдээллийн хэрэгслээр олон дахин ярьсан зүйлийн талаар тавих юм бол ярилцагч таныг нэг их сонирхохгүй л болов уу. Ийм үед яриа өгч буй хүн улиг болсон уйтгартай хариу өгч, түргэхэн танаас салахыг л бодно. Харин таны эхний асуулт сонин содон байвал яриа өгч байгаа хүн ч үзэгчдийн адил гайхшран, анхаарлаа хандуулж, ярианд татагдан орно. Дараа дараачийн асуултууд логик уялдаатай байх (жанжин шугам) бөгөөд эцсийн асуултаараа яриаг утга төгөлдөр төгсгөнө.