Аливаа урлагийн бүтээлийг үнэлэгч нь хүлээн авагч–уншигч, үзэгч, мэргэжлийн судлаач шүүмжлэгчид юм. Үнэлэмжийг хэрэглээ, хамрах хүрээгээр нь хувь хүн, хэсэг бүлэг, олон нийт, мэргэжлийн зэргээр ангилна. Уран сайхны үнэлэмж гэдэг хэн нэгний үнэлгээгээр бус, нийт уншигч, нийгэмд өгч буй оюун санааны үнэт зүйлс, гоо сайхны эрэлт хэрэгцээгээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл үнэлэмж нь хувь уншигч, үзэгчдийн санал сэтгэгдэл, мэргэжилтнүүдийн судалгаа, нийгмийн янз бүрийн анги, давхрагын ашиг сонирхлын хүрээ, оюуны эрэлт, хүсэл сонирхолд нийцтэй эсэх зэрэг олон хүчин зүйлийн нийлэгшлийн үр дүнд тодорхой бүтээлийн ерөнхий үнэлэмж бүрддэг.