Хөрөг найруулал. Хөрөг найрууллын гол онцлог нь сонгож авсан баатрынхаа оюун санаа, дотоод ертөнцийг нээж өгч, зан төрхийг шинжлэх, зураглан гаргахад оршино. Хөрөг найруулалд баатрынхаа оюун санаа, шинж төрх, зан байдал, үйл хөдлөл, үзэл санаа, үг яриа, амьдралын замнал, давтагдашгүй онцлог, зан төрх ололт амжилт, саад бэрхшээлийг даван туулсан туршлага, үзэл бодол, хүсэл сонирхлыг тусгаж өгөх нь хөрөг найруулал чанартай болох гол үндэс болдог. Хөрөг найруулалд зохиогч, баатрын амьдралын зорилгоо биелүүлэхийн төлөөх тэмцэл, үйл ажиллагаа, туулж өнгөрүүлсэн саад бэрхшээл, тэвчээр хатуужил, авьяас чадвар зэргийг дүрслэн харуулах замаар түүний зан чанарын онцлогийг нээн үзүүлдгээс гадна уран зохиолын дүрслэлийн хэв маяг, үгийн найруулга зэргийг харгалзан бичих нь сайн найруулал бичихийн үндэс болдог. Уламжлалт хөрөг найруулал хэдийгээр нэг л хүний тухай байдаг боловч түүний ажил үйлс, амьдралын туршлага, зан чанарын өвөрмөц онцлогийг тодорхой үзүүлж, ёс суртахууны асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд үр нөлөөтэй болохыг сэтгүүл зүйн практик нэгэнтээ харуулсан билээ.